Амарбаясгалант Хийд

Амарбаясгалант хийд Mонгол улсын Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт, Бүрэнхан уулын бэлд, Ивэн голын хөндийд орших бурхан шашны томоохон хийд юм. Манжийн хааны зарлигаар өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулж тухайн үед их хүрээ байрлаж байсан байгалийн үзэсгэлэн цогцолсон газрыг сонгон Амарбаясгалант хийдийг 1726 онд бүтээн байгуулж эхэлсэн бөгөөд өдгөө 298 жилийн түүхтэй.

1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр хийдийн барилга ихээхэн сүйтгэгдсэн бөгөөд 207м урт 175м өргөнтэй хэрэм бүхий 40 гаруй сүм дугантай байснаас өдгөө уг хэрэм дотор 28 дуган үлдэж 1943 онд хийдийг улсын хамгаалалтад авч дахин сэргээх ажил 1988 онд эхлэн бурхдын хөргийг Энэтхэгт бүтээлгэсэн байна.

Уг хийд нь дорнын уламжлалт модон барилгын өвөрмөц хэв загварыг хадгалсан бөгөөд хийдийг бүтээхдээ зөвхөн эргэн тойрны байгалиас материалыг нь авч нэг ч хадаас оролцуулалгүй бүтээн байгуулжээ. Хийдийн төв дуган болох Цогчин дуганы 2-р давхрын дээвэр нь задгай хийцлэлтэй бөгөөд дээврээс борооны усыг цуглуулан гадагшлуулдаг системтэйгээр 300 гаруй жилийн өмнө бүтээн байгуулсан монголын эртний түүх, соёл урлаг, архитектурын хосгүй бүтээл бурхан номын ариун дагшин газар юм.

Түүхийн үнэт соёлын өв, бурхан шашны судар, ном, бурхад, архитектурын хийц зэргийг он удаан жил хадгалахад зориулалтын гэрлийн тусгал хамгийн чухал байдаг. Азура Архитектс ХХК-ийн санаачлаагаар NCD Групп-тэй хамтран iGuzzini брэндийн гэрэлтүүлгийн шийдлийг уг хийдэд цогцлоох “БУРХДЫГ ГЭРЭЛТҮҮЛЖ ӨВ СОЁЛОО ХАМГААЛЪЯ” төслийг эхлүүлэн 1-р шатыг 80 орчим албан байгууллага болон хувь хүмүүсийн хандивын тусламжтайгаар амжилттай хэрэгжүүлсэн. Уг төслийг хэрэгжүүлэхэд нэн түрүүнд Амарбаясгалант хийдийг бүтээхэд ашигласан болон гэрэлтүүлэх шаардлагатай объектууд, соёлын өвийн материалуудын судалгааг нарийвчлан судалж тохиромжтой гэрэлтүүлгийн шийдлийг материал бүрд тооцоолон гаргасан.

Тухайлбал, цаас, арьс, даавуу гэх мэт материалд 50lux, будагтай болон будаггүй модон гадаргуунд 150lux хүртэл, метал болон керамик (шаазан) гадаргуунууд хязгаар заахгүй гэрэлтүүлгийн стандарттай байна. UV цацраг багатай LED гэрэл ашигласан халалтыг бууруулснаар урт хугацааны гэрэлтүүлгээс үүдэн гэмтэх, гандахаас хамгаалах бүрэн боломжтой болов.

Цогчин дуганд байрлах 3 том хөшөө баримал болон барилгын онцлог бүтцийг харуулах гэрэлтүүлэг, лам нар ном хурах үед, музейн зориулалтаар ашиглах үед, тусгай арга хэмжээний үеэр ашиглах гэх зэрэг нөхцөл бүрд тохирсон гэрэлтүүлгийн шийдлийг тус бүрд нь тооцоолон суурилуулсан байна. Гүрү Дава Ринбүчигийн хөшөөнд Таазнаас суурилуулдаг Laser Blade, Palco LV Framer гэрлүүдийг ашиглан сүүдрийн тусгалыг зөөллөж хөшөөнд гэрлийн төвлөрүүлсэн. 2200K фильтер ашиглан гэрлээс тусах өнгийн температурыг лаа, зулын гэрэлтэй дүйцүүлэв.

Шилэн хоргонд байрлах 1000 бурхан багшийн баримлыг гэрэлтүүлэхэд Underscore LedStrip гэрэл, Зөгийн үүр фильтер зэрэг нь хамгийн тохиромжтой шийдэл байсан ба хоргоны дотор талд нь суурилуулснаар хүний нүдний хараанд ямар нэгэн тусгал саад болохгүй, алтаар бүрсэн материалд гэрлийн тусгал байх боломжийг бүрдүүлсэн байна. Цогчин дуганы гадна гэрэлтүүлэг нь багадаа 30м зайд 4 талаас нийт 22ш Agora гэрэлтүүлгийг ашиглан жигд гэрэлтүүлэн Underscore InOut гэрлээр хийдийн хана болон таазанд тусгалтайгаар суурилуулан архитектурын өвөрмөц шийдлийг тодотгож өгсөн. iWay гэрэлтүүлэг нь орц гарц хэсгийн чулуун замыг гэрэлтүүлэх байдлаар суурилуулагдсан байна.

Ашигласан бүтээгдэхүүн: